ОХУ-Беларусь Улсууд интеграцчлалын декрет байгуулан зарлигт нэгдлээ

Улс төр

ОХУ-д жил бүрийн 11-р сарын 4-ний өдөр тэмдэглэдэг Үндэсний эв нэгдлийн өдрийг энэ улсын тэргүүн Владимир Путин Севастополь хотноо тэмдэглэжээ. Хар далайн эрэг дээрх Крымийн энэ хотод Путин Иргэний дайнд амиа алдагсдын дурсгалын цогцолборт цэцэг өргөснөөс гадна Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой цахиа уулзалт хийн, хамтарсан яриа хэлэлцээ хийжээ. 

ОХУ-ын тэргүүн энэ өдөр Беларусийн хамтрагчтайгаа цахим уулзалт хийн, Холбооны улс орнуудын хүрээнд Интеграцчлалын декрет боловсруулан зарлигт гарын үсэг зуржээ. Энэхүү зарлигт Орос-Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг ойртуулахад чиглэгдсэн 28 хөтөлбөрийг тусгаж, мөн түүнчлэн цэргийн тунхаглалыг тусгажээ.

Путин Лукашенко нар зарлигт Холбооны улсын Төрийн дээд зөвлөлийн цахим хурлын үеэр гарын үсэг зурсан байна. Талууд өнгөрсөн 9-р сарын эхээр Холбооны улс байгуулах тухай 28 хөтөлбөр бүхий гэрээ байгуулахаар тогтсон юм. Энэ дагуу 2021-2023 оны хооронд Холбооны улс байгуулах гэрээний заалтуудын үндсэн чиглэлүүдийг баталжээ.

Орос-Беларусийн талууд Интеграцчлалын зарлигт нэгдэн гарын үсэг зурсныг Путин хоёр орны харилцааг тэлэх, хөгжүүлэхэд чиглэсэн томоохон дэвшил гэж онцолжээ.

Учир нь энэ дагуу хоёр улс Холбооны улсын хувиар харилцаагаа ойртуулж, хоёр улсын валютын тогтолцоог нэгтгэх, харилцан шууд бус татвар ногдуулах зарчим боловсруулж, тэтгэвэр-нийгмийн хамгааллын асуудлаар нэгдсэн арга барил баримтлан, алан хядлага терроризмтай хамтран тэмцэх, төрийн худалдан авал болоод төрийн захиалгад харилцан нэвтрэх зэрэг олон асуудлыг тусгасан юм.

Түүнчлэн макро эдийн засгийн бодлогоо нэгтгэх, хоёр улсын төлбөрийн системийг нэгтгэж мөнгөний бодлогоо уялдуулах, нефть-байгалийн хийн хамтарсан зах зээл бий болгох зэргийг Интеграцчлалын зарлигт нэгтгэжээ.