Эрүүл мэнд

COVID-19 коронавирус анх дэгдсэн Хятад улсад өнөө өглөөний байдлаар энэ улсын 31 мужид вирусын халдварт өвчин гарсан тоо хэвээр, харин халдварт хатгалгаагаар өвчилсөн 45 тохиолдол нэмж бүртгэгдээд байна. Ингэснээр нийтдээ Хятадад өнөөдрийн байдлаар албаны мэдээгээр COVID-19-ийн 80,904 тохиолдол албан ёсоор батлагджээ.

Эдгээрээс нас барсан хүний тоо сүүлийн 24 цагт 23-аар нэмэгдэж, нийтдээ амиа алдсан хүний тоо 3,123 болсон байна. Түүнчлэн биеийн байдал нь хүнд байгаа иргэний тоо 5,116 гэж тоологдож байгаа бол эмнэлгийн хяналтанд байж, бүрэн эдгэрсэн хүний тоо 1,541-ээр нэмэгдэн, 58,684 болжээ. 

Эх газрын Хятадаас гадна Хонконгод COVID-19-ийн 5 тохиолдол сүүлийн нэг хоногт нэмж бүртгэгдэн, нийт халдвар авсан хүний тоо албаны мэдээгээр 114 болсон байна. Тэгвэл Макаод урьдын адил 10, Тайваньд 45 бүртгэгдээд байгаа юм.