Эрүүл мэнд

Тэгвэл COVID-19 коронавирус эрчтэй дэгдсэн Өмнөд Солонгос дахь өнөөдрийн байр байдлын талаар энэ улсын Халдварт өвчин судлалын төвөөс ээлжит мэдээллээ хийжээ. 3-р сарын 9-ний буюу өнөө өглөөний байдлаар Өмнөд Солонгост COVID-19 коронавирусын 248 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийтдээ халдвар авсан хүний тоо 7,382-т хүрсэн байна. 

COVID-19 коронавирусын шинэ тохиолдол Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод 10, Дэгү хотод 190, Гуанжүд 2, Дэжөнд 1, Сэжөн хотод 3, мөн Кёнги мужид 11, Канвон мужид 1, Умард Чунчонд 1, Өмнөд Чунчонд 4, Умард Гёнсан мужид 26 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост COVID-19-ийн халдвар авсан байж болох 196, 618 хүнийг шинжилгээнд хамруулснаас 171,778-ынх нь хариу сөрөг гарчээ. Мөн өнөөдөр 17 мянга гаруй хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа гэнэ. Түүнчлэн Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлснээр 166 хүн, тэр дундаа сүүлийн 24 цагт 36 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол 1-ээр нэмэгдэж, 50 хүн нас бараад байна. COVID-19 вирусын халдварт өвчний улмаас 7,165 хүнийг карантинд авч тусгаарлаад байгаа гэнэ.