Эрүүл мэнд

ДЭМБ, дэлхийн улс орнуудад хурдацтай тархан дэгдэж, өнөөдөр дэлхийн бүх тив, ихэнх улс орнуудыг хамраад байгаа COVID-19 шинэ коронавирусыг “пандеми” буюу цар тахал гэж мэдэгдлээ. ДЭМБ-аас хийсэн албаны мэдэгдэлд “Өмнө нь бид хэзээ ч коронавирусаас гаралтай цар тахлын хэмжээнд очих вирусын халдварт өвчинтэй нүүр тулгарч байгаагүй. Өнөөдөр коронавирусээс үүдэлтэй COVID-19 халдварт өвчин цар тахлын хэмжээнд очиж байгааг илтгэж байгаа гол үзүүлэлт нь хамарч байгаа цар хүрээ болоод вирусын халдвар авсан тохиолдолд оногдож байгаа нас баралтын хувь хэмжээ болоод байна” гэдгийг онцолсон байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус COVID-19-ийг цар тахал гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч, зарлан мэдээлснээс гадна энэ нь улс орнуудад өгч байгаа зөвлөгөө мэдээллийг өөрчлөөгүй, цаашид ч мөн энэ хирээр коронавирусын халдварт өвчний дэгдэлттэй тэмцэх хэрэгтэйг анхааруулсан байна. COVID-19 коронавирусыг цар тахал болгон зарласнаар дэлхий нийт, улс, тив хоорондын хөдөлгөөнд хөл хорио тогтоох болон бусад шаардлагатай арга хэмжээ авах цаг болсныг илтгэж, улмаар хүн төрөлхтөн нийтээр энэ өвчний эсрэг тэмцэж, дахин газар авхуулахгүй байх тал дээр анхаарах ёстой болж байна. 

Өнөөдөр дэлхий даяар COVID-19 коронавирус 120-иод улс оронд дэгдэж, дэлхийн бүх тив, тэр дундаа Европ тив л гэхэд бүх улс орнуудыг хамран тархсан байдалтай байгаа нь вирусын халдвар газар аван тархаж, хяналтаас гарах хэмжээнд очсоны илрэл болж байгаа юм. Дэлхий даяар өнөөдөр COVID-19-ийн 118 мянган тохиолдол бүртгэгдээд байгаагийн 90% нь коронавирусын анхдагч голомт болох Хятад улс, мөн дэгдэлт өндөртэй байгаа Итали, Өмнөд Солонгос, Иран зэрэг улсад оногдож байна. 

Хэдийгээр COVID-19-ийг ДЭМБ-аас цар тахал гэж хүлээн зөвшөөрсөн ч сайн мэдээ бас байгааг онцолж байна. Учир нь COVID-19 анх дэгдсэн Хятад улсад өнгөрсөн 12-р сараас хойш өнөөдөр өдрөөс өдөрт коронавирусын халдварын тохиолдол буурсаар байгаа нь халдварын ид үе өнгөрч байгааг илтгэж байна. 

Энэ бүхэнтэй зэрэгцэн ДЭМБ-ын тэргүүн дэлхийн улс орнууд дэлхийн хэмжээнд цар тахал хүртлээ дэгдээд байгаа COVID-19-ийн дэгдэлтэд шаардлагатай анхаарал хандуулахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэрээр улс орнуудын төр засгийг COVID-19-ийг улс орныхоо хилээр нэвтрүүлэхгүй байхад, халдвар илэрсэн тохиолдолд улс орон, хүн амаа халдвараас сэргийлэх хамгаалахад онцгой анхаарал хандуулж, шаардлагатай бүх алхмыг цаг тухайд нь шуурхай авч ажиллахад уриалсан байна.