Эрүүл мэнд

Франц улсын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн. Түүнтэй ойр байсан хүмүүсийг шинжилгээнд хамруулж хариу гарсаар байна. Өнөөдөр нийт 58 иргэнийн хариуг танилцууллаа. Бүгд сөрөг буюу халдваргүй болох нь тогтоогджээ. Мөн сэжигтэй тохиолдол гэж үзэн найман иргэнийг Лхагва гарагт тусгаарлаад байсан. Эдгээр иргэдийн хариу ч коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон байна. 

Франц улсын иргэний шинжилгээний хариу эерэг гарсан даруйд ойрын хавьтлын тохиолдлуудыг олж, шинжилгээнд хамруулж эхэлсэн. Өчигдөр 11 цагийн байдлаар 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй болохыг мэдэгдсэн. Харин өнөөдөр 58 хүний хариу сөрөг гарсан болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах "Бадрах Энержи" компанийн кэмпэд тусгаарлагдсан иргэдээс давтан шинжилгээ авахаар болсон байна.

Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 1,273 иргэнийг ажиглалтад авч 282 иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулжээ. Өнөөдөр мөн Алтанбулаг дахь боомтоор гуравдагч орноор дамжин ирсэн 10 иргэнийг тусгаарлаж, сэжигтэй нэг тохиолдлоос шинжилгээ авсан байна. Эдгээр иргэд нь Филипин, Тайланд, ОХУ зэрэг улс, оронд зорчсон гэдгээ мэдүүлсэн байна.

Халдвар гарсан улсаас ирсэн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах арга хэмжээг авч байна. Мөн зарим иргэдийг өөрийгөө тусгаарлаж, гараа тогтмол угаах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг дагахыг зөвлөж байгаа юм. Ингэхдээ ариутгал, халдваргүйтлийн бодис ашиглахаас  татгалзаж, гэрийн нөхцөлд гар доорх материал ашиглах нь үр дүнтэй арга гэдгийг зөвлөж байна.

ЗӨСҮТ нь нийтдээ 22 мянга гаруй м2  талбайд ариутгал, халдваргүйтэл хийжээ. Мөн иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол зөвлөгөө өгөн ажиллаж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ