Манай улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо

Засгийн газар

Манай улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо.

Монгол Улс хилээ бүрэн нээж гадны хөрөнгө оруулагчид, жуулчдыг эх орондоо албан ёсоор урилаа. Ингэснээр хоёр жил орчим цар тахлын улмаас хүнд байдал ороод байсан эдийн засаг сэргэнэ гэж үзэж байна. Мөн Ерөнхий сайд өнөөдрийн хийсэн мэдэгдэлдээ гадны улсын иргэд манай улсад ирээд вакцинд хамрагдах боломжтой гэж онцлон хэллээ.

Ингээд өнөөдөрөөс манай улсад ирж байгаа гадаад улсын иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавигдахааргүй болж байна. Харин тухайн иргэн вакциндаа хамрагдсан эсэхээс хамаараад шинжилгээнд хамрагдаад ирж болно гэж байна.

 

Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэр гаргасан гэдгийг Ерөнхий сайд онцолж байна. Харин хилийн боомт орчимд коронавируст халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав зэрэг хилийн боомт байрлаж байгаа бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэвээр байх юм. Тиймээс халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн засаг дарга нарт үүрэг болгосон байна.