Эрүүл мэнд

Анагаахын шинжлэх ухааны 62 дахь удаагийн эрдэм шинжилгээний чуулган цахимаар эхэллээ. Оросын Холбооны Улс, Хятад, Солонгос зэрэг орны эмч нар холбогдож байгаа энэ удаагийн хурлын гол сэдэв дэлхийн нийтийг түгшээж байгаа коронавируст халдвар байлаа. Урьдчилан сэргийлэх, эмчилгээний арга, уламжлалт анагаах ухаантай хослуулах зэрэг олон сэдвийг эмч, мэргэжилтнүүд хөндсөн байна.

Дэлхий нийтэд 5 сая гаруй хүн өвчилж, 400 гаруй мянган хүний амь насыг авч одоод байгаа Ковид-19 цар тахлын үед эрүүл мэндийн байгууллага хэрхэн ажиллах уу? Халдварыг тархаахгүй байхад юу анхаарах, эмнэлзүй, оношилгоо зэрэг бүхий л асуудлаар дотоодын болон гаднын эмч мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж байна. Мөн галын шугаманд ажиллаж байгаа буюу халдвартай хүмүүст эмчилгээ хийсэн эмч нар холбогдож өөрсдийн мэдлэг, туршлагаас танилцуулжээ.

Манай улсын хувьд коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдэхэд арга хэмжээ авч эхэлсэн нь үр дүнгээ өгсөн гэдгийг албаныхан хэлж байна. Олон улсын байгууллага манай улсад эрт арга хэмжээ авч байна гэсэн ч үүнийхээ үр дүнд халдварыг дотооддоо алдаагүй байгааг салбарын төлөөллүүд хэлж байна.

Энэ удаагийн чуулганаар эрдэмтэн докторуудын 15 илтгэлийг хэлэлцүүллээ. Онцгой нөхцөл байдалд Анагаахын шинжлэх ухааны чуулганыг зохион байгуулж байгаа нь онцлог гэж албаны хүмүүс хэлж байна. Чуулганд БНХАУ, Япон Улс, ОХУ-аас эрдэмтэн докторууд, эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд онлайнаар холбогдож илтгэлүүдээ танилцуулсан юм.