Эрүүл мэнд

Он гарсаар тарваган тахал өвчний нийт 9 тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдан, нэг хүн нас бараад байна.  Тарваган тахал өвчин нь коронавируст халдвараас ч өндөр эрсдэлтэй учир тарваганы махыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Халдвар авсан бол богино хугацаанд үхэлд хүргэх аюултай ч иргэд хууль бусаар агнах, хүнсэнд хэрэглэх тохиолдлууд гарсаар байна. Мөн эд эрхтэнг түүхийгээр нь хэрэглэвэл биед сайн гэх буруу ойлголтын улмаас түүхийгээр нь хэрэглэх тохиолдол ч гардаг. Тухайлбал, энэ оны эхний 7 сарын байдлаар тарваган тахалтай холбоотой 9 тохиолдол бүртгэгдсэн. Гурав нь батлагдаж, нэг хүн нас бараад байна. Тиймээс тарваганы махыг хэрэглэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Нийт 17 аймгийн 137 сум халдварын голомттой байна. Үүн дотор Баянхонгор, Увс, Дорноговь аймгууд өндөр эрсдэлтэй байгаа юм. Халдвар хүн амын тархахаас сэргийлж иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн байна.