Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.  Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх болно гэдгээ хэлсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтмол ууж хэрэглэдэг зарим эм, тариа, тос зэрэг нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлэх жагсаалтад байдаггүй. Мөн тусгай шаардлагад хэрэглэдэг зарим бүтээгдэхүүнд хомсдол үүсдэг, үүний улмаас үнэ нь нэмэгддэг байна. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлын ердөө нэг хэсэг нь гэдгийг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд уулзалтын үеэр хэлж байлаа. Харин Эрүүл мэндийн сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллана гэдгээ хэлсэн юм.

Нэн тэргүүнд шинээр ашиглалтад орж байгаа эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэйгээр барьж байгуулах, мөн хуучны барилгаа шинэчлэн сайжруулах тусгай хэрэгцээнд нийцүүлэх ажлыг хийхээр төлөвлөлсөн гэдгийг Эрүүл мэндийн сайд уулзалтын үеэр мөн хэлсэн юм.