Эрүүл мэнд

Улсын нэгдүгээр эмнэлэг рентгенээс эхлээд шинжилгээний хариу цуглуулах нэгдсэн системтэй болжээ. Ингэснээр хөдөө байгаа иргэн заавал Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй. Нарийн мэргэжлийн эмч нар эндээс хариу болон дараагийн эмчилгээний заавар зөвлөмжийг хүргүүлэх боломж бүрдүүлсэн байна. Нэгдсэн систем хэдийн ажиллаж, иргэдэд тусламж хүргэж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар УНТЭ, УГТЭ, ГССҮТ, Увс болон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүд дүрс оношилгоог архивлах, өндөр хурдны сүлжээгээр дамжуулах цахим системийг нэвтрүүлжээ. Тодруулбал, иргэд дээрх эмнэлгүүдээр үйлчлүүлэхээ дүрс оношилгооны рентген, компьютер томограф, ЭХО аппаратаар оношлуулсан хариугаа заавал нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг рүү авч очих шаардлагагүй болж байна.
Анхан шатны эмнэлгээс лавлагаа шатлалын эмнэлэгт өндөр хурдны сүлжээгээр оношилгооны дүрсийг чанартайгаар дамжуулах уг системийг цаашид бүх эмнэлгүүдэд нэвтрүүлэхээр салбар яам ажиллаж байгаа юм. Ингэхдээ өвчтний зөвшөөрөлтэйгээр эрх бүхий мэргэшсэн эмч үзэж мэдээллийг хоорондоо дамжуулах юм. Мөн өвчтөнд шаардлагатай дүгнэлт оношийг тавин хөдөө орон нутаг руу хурдан илгээх боломжтой болж байна.