НҮБ, Казахстан дахь үймээн самууны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шаардаж байна

Улс төр

НҮБ, Төв Азийн Казахстан улсад шинэ оны дараа дэгдсэн “хийн үнийн хөөрөгдөл”-ийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаанаас үүдсэн олныг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдлын дагуу нэн даруй мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шаардаж байна.

НҮБ-ын Хүний эрхийн байгууллага Казахстанд дэгдсэн үймээний үеэр амиа алдсан иргэдийн талаар хүний эрхийн хүрээнд мөрдөн шалгах ажил явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. 

НҮБ, Казахстаны эрх баригчдаас улс оронд нь дэгдсэн олныг хамарсан эмх замбараагүй байдлын дагуу нэн даруй, тусгай бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэхийг шаарджээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар жагсаал цуглааны эсрэг Казахстаны хүчний байгууллага тусгай ажиллагаа явуулж, хүч хэрэглэх шаардлага байсан үгүйг тодорхой болгох юм.

Түүнчлэн НҮБ-ын мэдээлж байгаагаар Казахстанд болсон үймээний үеэр, мөн дараа нь баривчлагдан саатуулагдаад байгаа 10 мянга гаруй хүнээс хэн нь жагсаалд тайван оролцсон, хэн нь буу зэвсэг агсан ирснийг тодорхойлон ялгаж салгах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдөр Казахстанд 10 мянга гаруй хүнийг улс орондоо дэгдсэн үймээн самуунд оролцсон хэргээр баривчлан саатуулаад байна.