Байден, Шольц нар ОХУ-ын эсрэг хориг тавихаар сүрдүүлж байна

Улс төр

Орос-Украины хямралыг мөн АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хэлэлцжээ. 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон ХБНГУ-ын канцлер Олаф Шольц нар Вашингтон хотноо нүүр тулан уулзаж, Оросын тал Украины эсрэг хүч түрэмгийлсэн алхам авбал хоёр улсын болоод НАТО-ийн үйл хөдлөл ямар байх талаар хэлэлцжээ. 

Хэрвээ Оросын тал цаашид Украины эсрэг хүч түрэмгийлсэн бодлого явуулбал НАТО болон Холбоотон орнууд Европын Аюулгүй байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүхий л алхмыг авахад бэлэн гэдгээ Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн байна. Жо Байдены мэдэгдсэнээр нөхцөл байдал таагүй байдлаар эргэвэл ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний талаар мөн хэлэлцжээ. Байдены мэдэгдсэнээр хэрвээ Оросын тал Украины тусгаар байдалд халдвал юуны түрүүнд “Умардын урсгал-2” хийн хоолой байхгүй болно гэдгийг хатуухан сануулжээ. Тэгвэл олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар “Умардын урсгал-2” хийн хоолойг ашиглалтад оруулахад саад учруулах нь Герман улсын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг сануулж байна. Учир нь өнөөдрийн байдлаар ЕХ-ны орнуудын дийлэнх нь Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс хамааралтай байгаа юм.