УКРАИН: Путины гаргасан шийдвэр нөхцөл байдлыг өөрчлөхгүй 

Улс төр

Украины тал ОХУ-аас Донецк, Луганскийн тусгаар байдлыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг эсэргүүцэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан шуурхай хуралдаан явуулж байна. 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ, Украины зүүн бүсийн Донецк, Луганскийн БНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийн дагуу хэлэлцэж байна. Тэгвэл энэ хооронд Киевийн эрх баригчид Путины гаргасан шийдвэр бүс нутгийн нөхцөл байдлыг өөрчлөхгүй гэж мэдэгджээ. 

Киевийн иргэд Оросын эрх баригчдын гаргасан шийдвэрийг үл тоохыг хүсч байна. Тэд Оросын тал юуг хүлээн зөвшөөрмөөр байна, түүнийгээ зөвшөөрч л байг, энэ нь Украины дотоодын асуудал ямар ч нөлөө үзүүлэхгүй гэцгээж байна. Тэгвэл олон улсын улс төрийн тавцанд Оросын шийдвэрийг нухацтай хэлэлцэж байгаа юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ-ын шийдвэрийг тусгай хуралдаанаараа авч хэлэлцэж байна. НҮБ дахь Украины байнгын төлөөлөгч Сергей Кислица Киев Москвагийн талтай яриа хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя Донецк болон Луганскийн БНУ-ын тусгаар байдлыг хүлээн зөвшөөрснийг эсэргүүцэж байгаа улс орнуудыг Оросын эсрэг зогсч байгаад буруутгажээ. Москвагийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа улс орнууд Оросын талыг олон улсын хууль эрхийг, мөн Минскийн гэрээ хэлэлцээрийг зөрчиж байгаад буруутгаж байгаа юм.