Ерөнхийлөгч

Төрийн тэргүүн зэргийн Чингис хаан одонг энэ жил 12 дахь удаагаа хүртээж байна. Урлаг, улс төр, спорт, шинжлэх ухааны салбараас Чингис хаан одонт эрхмүүд төрөн гарчээ. Энэ шагналыг улс үндэстнийхээ нэрийг өндөрт өргөж, ард түмнийхээ өмнө гавъяа байгуулсан нэг эрхэмд олгодог юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд төрийн тэргүүн зэргийн одонг ямар хүмүүст хүртээсэн. Мөн энэ шагналыг юу дагалддаг талаарх мэдээллийг одоо хүргэе.

Чингис хаан одонг 2005 оноос хойш 12 хүнд гардуулаад байна. Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгодог байна. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдах эрхтэй юм.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй зэргийг журамлажээ. Чингис хаан одонгоор шагнах тухай Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабандийн сүүлчийн зарлигт тусгасан байдаг. Түүний зарлигийг Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч гардуулж байсан түүхтэй.

  • 2005 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэсэн гавьяаг нь үнэлж  
  • 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нь "Чингис хаан" дуурь, “Замбуу тивийн наран" магтуу, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал зэрэг дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс уран сайхны киноны хөгжим зэргийг туурвисан гавьяатай.
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Чингис хаан одонг олгожээ.  
  • 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж,
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж,
  • 2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж,
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном түүнийг хоёр зууныг дамжин Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж,
  • 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай шинжлэх ухааны салбараас хааны одон авч байгаа анхны эрдэмтэн болон түүхэнд үлджээ. физикийн салбарт түүний гаргасан шинэ онол, шийдэл зэрэг нь Монголын төдийгүй дэлхийн физикчдийн анхааралд зүй ёсоор багтсан байдаг юм. 
  • 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо  тэрээр яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл дэлхийн олон хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг
  • 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар монгол дуучны авьяас чадварыг дэлхий дахинд харуулж, Дэлхийн таван шилдэг дуучны нэгээр шалгарсан гавьяаг нь үнэлж,
  • 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Н.Түвшинбаяр Монгол улсын анхны олимпын наадмын алтан медалийг 2008 оны Бээжингийн зуны олимпоос хүртсэн, жүдоч юм. 2012 оны Лондонгийн зуны олимпоос мөнгөн медаль хүртэж, их наадмын хос медальтан болсон юм.
  • 2019 онд The Hu хамтлаг Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлагийн уран бүтээлийг 30 орчим сая хандалттайгаар үзэж, Монгол улсын дэлхий нийтэд сурталчлан таниулах зэрэг үйлсийг нь үнэлж Чингис хаан одонг гардуулаад байгаа юм. Чингис хаан одонг 2007, 2008, 2018 онуудад өнжөөж байжээ.