Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Гэвч энэ эрхийг зөрчих зүйл заалт Улсын их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад багтсан гэж ерөнхийлөгч үзэн хориг тавьсан. УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн хүлээж авах нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзлээ.

Бүх ард түмнээс сонгогддог ерөнхийлөгчийн хууль санаачлах бүрэн эрхийг Улсын их хурлын тухай хуулиар хязгаарлаж, хууль санаачлах цар хүрээг хумих зохицуулалт орсон гэж МУ-ын Ерөнхийлөгч үзсэн. Уг асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж Ерөнхийлөгчийн үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлах бүрэн эрхийг хязгаарлах боломжгүй гэдэгтэй гишүүд санал нийллээ. Тиймээс Улсын их хурлын тухай хуулиар биш хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулах ёстой гэж үзсэн юм.
Гишүүдийн олонхи Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэх байр суурийг илэрхийлж байсан юм. Үүнээс гадна УИХ-ын тухай хуулиар Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхээс гадна Улсын их хурлын гишүүдийн хууль санаачлах эрхийг хумьсан утга бүхий зохицуулалт туссаныг гишүүд хөндлөө. Тодруулбал, Улсын их хурлын гишүүний санаачилсан хуулийг парламентаар хэлэлцэх эсэхийг төрийн байгуулалтын байнгын хороо шийдэхээр тусгасан байгаа юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХЭД ХАЛДСАН ЗААЛТ УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД ТУССАН ГЭЖ ЗАРИМ ГИШҮҮД ҮЗЛЭЭ

Хууль зүйн байнгын хороогоор ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэрэв Улсын их хурлын чуулганаар хоригийг хүлээж авбал ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг засварлахаас гадна Улсын их хурлын гишүүний хууль санаачлах эрхтэй холбоотой заалтыг ч эргэн харна гэлээ.