Ерөнхийлөгч

Бүх ард түмнээс сонгогдсон МУ-ын Ерөнхийлөгч нь хууль санаачлах бүрэн эрхтэй. Уг эрхийн хүрээнд үе үеийн ерөнхийлөгч нар өөрт олгогдоогүй эрхийг эдлэн хязгаарыг давж хуулийн төсөл боловсруулдаг, үүгээрээ эрх мэдлээ нэмэгдүүлдэг байсныг зарим гишүүд хэллээ.

Тиймээс ерөнхийлөгч хууль санаачлах замаар эрх мэдлийнхээ хүрээг нэмэгдүүлдэг асуудлыг хязгаарлах үүднээс бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлана гэх зохицуулалтыг УИХ-ын тухай хуульд тусгасан. Гэвч уг зохицуулалт нь ерөнхийлөгчийн хууль санаачлах хэмжээ хязгаарыг хумих, эрхийг зөрчих заалт гэж үзэн тэрээр хориг тавьсан. УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж хоригийг хүлээн авлаа.

Б. ЭНХБАЯР: ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙДЫН БҮРЭН ЭРХ РҮҮ ХАЛЬЖ ОРОХ ЁСГҮЙ

Үндсэн хуулиар олгогдсон ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг УИХ-ын тухай хуулиар зохицуулж болохгүй гэх байр суурийг гишүүд илэрхийллээ. Улмаар ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан тул холбогдох байнгын хороод хуралдан хуулийн төслийг эргэн харж нэмэлт өөрчлөлтийг оруулах дэгтэй. Ингэхдээ  хэд хэдэн асуудалд анхаарч тодорхой хязгаарлалтуудыг тусгах хэрэгтэйг зарим гишүүд онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуульд нийцээгүй шийдвэрийг УИХ хүчингүй болгох үндсэн хуулиар олгогдсон эрх байдаг. Гэвч өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд уг заалт хэрэгжээгүйг зарим гишүүд онцоллоо. Тиймээс хоригийг хүлээж авч хуулийн төслийг эргэн харахдаа уг асуудлыг онцгой анхаарах хэрэгтэйг гишүүд хэлж байсан юм.