Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ.

Уг албан бичигт энэ тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэжээ. Энэ бодлого, хөтөлбөр нь нийт өрхийн амьжиргааг дэмжихээс гадна айл өрхөөрөө дамжуулан нийт 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүддээ өгч буй бодитой, үр дүнтэй, чиглэсэн дэмжлэг болж чадна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.