Ерөнхийлөгч

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаанаар (2019.10.03) Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцлөө. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулжээ.

 

Нэр дэвшигч Д.Ганзоиг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн. 

Тэрээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа юм байна.

 

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд, Х.Нямбаатар, А.Ундраа нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт цаашид анхаарч ажиллах зарим асуудлын талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Я.Санжмятав, Н.Энхболд нар байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа хэлсэн. 

Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.