Олимпын наадмыг цуцлуулахаар 350 мянган хүний гарын үсэгтэй өргөдөл гаргажээ

Ковид-19 /дэлхий/
Токио-2020 олимпийн наадам хүртэл ердөө 10 долоо хоногийн хугацаа үлдсэн. Харин Япон Улс 5-р сарын 14-ний Баасан гарагт коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан онцгой байдал зарлаад байна.
Энэ зуур олон нийтийн зүгээс энэ зун Олимпийн наадмыг зохион байгуулвал халдвар улам тархах аюултай тул цуцлуулахаар 350 мянган хүний гарын үсэгтэй өргөдлийг кампаниат ажлынхан өргөн барьсан гэнэ.

5-р сарын сүүл хүртэл Токио болон бусад газарт аль хэдийнэ хатуу хөл хорио тогтоосон. Тухайлбал, Олимпийн марафон явагдах хойд хэсгийн Хоккайдо хөл хорионы хязгаарлалтад оржээ.

Ерөнхий сайд Ёшихидэ Суга хэлэхдээ,

"Өнөөдөр бид Хоккайдо, Окаяма, Хирошима мужуудыг 5-р сарын 16-наас 31-нийг хүртэл хатуу хөл хорионд оруулахаар шийдлээ. Хүн ам харьцангуй их учраас халдварын шинэ тохиолдлууд маш хурдтай нэмэгдэж байна"
гэсэн байна. Японы эрүүл мэндийн системийг ачаалалд оруулаад байгаа дөрөв дэх давалгаатай тэмцэхийн тулд бусад бүс мужийг хамруулан хатуу хөл хорио тогтоожээ.

Токио хотын захирагчид нэр дэвшиж байсан Кенжи Уцуномияа наадмын зохион байгуулагчдад хандан амьдрал, үйл явдлаа ялгаж салгахыг сануулан хотын удирдлагуудад 351 мянган хүний гарын үсэгтэй шаардах бичгээ өргөсөн байна. Энэхүү бичгээ мөн Олон улсын олимпийн хороо болон Паралимпийн холбоонд хүргүүлжээ.

Мөн Пүрэв гарагт эмч нарын эвлэлээс цар тахлын үед Олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулах боломжгүй гэж мэдэгджээ.

Энэ талаар Токио-2020 олимпийн наадмын тэргүүн Сэйко Хашимото сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ,
"Санаа зовинож буйг ойлгож байна, гэхдээ бид халдварт вирусийн эсрэг хатуу арга хэмжээг нэн тэргүүнд авна. Эрүүл мэндийн системийг хүндрүүлэхгүйн тулд шаардлагатай хязгаарлалтыг авч хэрэгжүүлнэ. Дүрэм зөрчсөн хэн бүхэнд бид хатуу шийтгэл оногдуулна. Албадан гаргах арга хэмжээний талаар ч ярилцаж байна"
гэжээ.

ОУ-ын Паралимпийн хорооны дарга Андрю Парсонс:

"Олимпийн наадмаас үүдэлтэй япончуудын уур хилэнг ойлгож байна. Гэхдээ өдөр бүр тест хийх, тамирчдын хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг хатуу дүрэм журам мөрдүүлэх болно"
гэсэн байна.

Гэвч Японы томоохон бизнесмэнүүдийн нэг СофтБанк-ийн гүйцэтгэх захирал Масаёши Сан:

"Олимпийн наадам болно гэхээс айж байна. Зөвхөн Япон ч бус олон оронд байдал хэцүү байгаа, тэд яаж тамирчдаа Олимп руу явуулахыг сайн ойлгохгүй байна"
гэжээ.

Уцуномияа хэлэхдээ, олимпийн наадам цуцлагдтал гарын үсэг нэмж цуглуулах болно. Хүмүүсийн амь амьдрал мөнгөнөөөс илүү чухал гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNA