Улсын Их хурал

Улсын их хурлын гишүүний ёс зүйн дэд хороо хуралдаж, хэд хэдэн гишүүний хөрөнгө үндэслэлгүйгээр нэмэгдсэн гэсэн төрийн бус байгууллагын гомдлын талаар хэлэлцжээ. Ямар ч хуулийн байгууллагын оролцоогүйгээр жирийн нэг төрийн бус байгууллагын дүгнэлтээр шууд гишүүдийн нэр төрд ингэж халдаж болохгүйг зарим гишүүн онцоллоо. Мөн гишүүдээс өөрсдөөс нь тайлбар авах нь зүйтэй гэж үзсэн байна. 

УИХ-ын гишүүн Жамъяангийн Мөнхбат, Лувсанвандангийн Болд нарын хөрөнгө нэг жилийн дотор 3-5 дахин нэмэгдсэн бол УИХ-ын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэгийн гэр бүлийн хөрөнгө үндэслэлгүй нэмэгдсэн гэх асуудлаар ёс зүйн дэд хороонд гомдол иржээ. Нэгэн төрийн бус байгууллага уг гомдлыг гаргаж дэд хороо энэ  асуудлыг хянан шалгаад гишүүдэд хариуцлага тооцохыг хүссэн байна. Гэвч энэ асуудалд ёс зүйн дэд хороо хөнгөн хандаж шууд арга хэмжээ авах асуудлыг ярих биш нарийн авч үзэх нь зүйтэй гэж дэд хорооны гишүүд үзлээ.

Хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн гэгдэх гурван гишүүний хоёр нь гадаадад томилолттой байгаа. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тухайд ямар нэг төрийн бус байгууллагын гомдлыг нягтлалгүй олон нийтэд цацах нь гишүүний нэр хүндэд халдаж байгаа хэрэг гэдгийг онцоллоо. Үүнээс гадна тэрээр өөрөө хөрөнгө орлогоо шалгуулах хүсэлтээ ч өгсөн байна.

Ёс зүйн дэд хороо дээрх гурван гишүүнээс албан ёсны тайлбар авч шаардлагатай бол хуулийн байгууллагад шалгуулах бичиг илгээхээр шийдлээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Пүрэвдорж, Энхтүвшин нар байнгын хороо болон чуулганы хуралдаан дээр дэг зөрчсөн гомдлыг УИХ-ын гишүүн Нямбаатар гаргасан. Энэ асуудлыг хуулийн дагуу гомдол ирсэн гишүүдийг биеэр байлцуулан хэлэлцэх хэрэгтэй гэж ёс зүйн дэд хороо үзлээ.