2,500 гаруй эмнэлгийн ажилтан, эмч халдварт өртөөд байна

Ковид-19 /дотоод/

Манай улсад цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Иргэдэд хүргэх эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэлцэхээ больсон нь хүний нөөцтэй холбоотой гэж тайлбарлалаа. Эмнэлэгт байгаа эмч нар бүх хүчээ дайчилж байгаа ч халварт өртөх, ядрах, сэтгэл санааны дарамтанд орох зэрэг хүндрэл үүсч байгааг хэллээ. 

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн улаан бүсэд 12 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Энэ тоо бол олон улсад дээгүүрт бичигдэх үзүүлэлт юм. Харин гэрээр 24 мянган иргэн тусгаарлагдан, алсаас эмчилгээ хийгдэж байгаа юм. Халдвартай иргэдийн 1.8 хувь нэн хүнд ангилалд байгаа бол 9.5 хувь хүнд хэлбэрээр өвчилжээ. Гэвч эдгээр хүмүүст тусламж хүргэх, амь насыг нь аврах эмч мэргэжилтнүүд хаанаа ч хүрэхгүй байгааг салбарын удирдлагууд онцолж байна. 

Хүний нөөц, эмч мэргэжилтнүүд дутмаг байгаа учраас хөнгөн болон хөнгөвтөр өвчтнүүдийг эмнэлэгт авахгүй. Харин хүнд болон нэн хүнд мөн хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг яаралтай эмнэлэгт хэвтүүлэх бодлогыг салбарын яам баримталсан байна. Иргэдийн эрүүл мэндийн салбарт тусламж дэмжлэг үзүүлэх ганц арга бол дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж, халдварт өртөхгүй байхыг хичээх нь энэ цаг үед хамгийн чухал болохыг санууллаа. Мөн вакциндаа хурдан шуурхай хамрагдах ёстойг ч хэлж байна. Өнөөдрийн байдлаар манай улс 5 сая тун вакцин татан авсан. Одоогоор нийслэлийн иргэдийн 88 хувь,орон нутгийн иргэдийн 73 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдаж 15 хоножээ. 

Одоо санаа зовоож байгаа зүйл бол цар тахлын мутацид орсон Дельта хувилбар. Улс орнууд мутацид орсон энэ хувилбараас сэргийлэхийн тулд гаднаас ирсэн иргэдийг 21-24 хоногийн хугацаатай тусгаарлаж эхэлсэн байна. Манай улс ч өмнө нь мөрдүүлж байсан энэ дүрмээ эргэн сэргээх хэрэгтэйг онцоллоо. Дельта хувилбарын хүний биеийг хүндрүүлж, үхэлд хүргэх аюул 67 хувийн өндөр магадлалтай гэдгийг тогтоогоод байна.