Улсын Их хурал

АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ерөнхийлөгчийг парламентаас томилох, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх болон сонгуулийг холимог системээр явуулдаг болох гурван заалтыг тусгахыг шаардсан.  Энэ хүрээнд УИХ зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан хуралдаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр ажлын хэсэг Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх заалтыг Үндсэн хуульд тусгахыг дэмжлээ.  

Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 3-р хэлэлцүүлгийг энэ сарын 18-наас эхлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс өмнө эрх баригчид 3 асуудлыг шийдэхээр зөвшилцөж Ардчилсан нам, МАН,  Ерөнхийлөгчийн төлөөллүүд удаа дараа хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх тогтолцоог Үндсэн хуульд тусгахыг дэмжжээ. Ингэснээр гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангаж хариуцлагыг сайжруулна гэж үзэж байгаа юм.

Харин ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоотой болох асуудлыг дахин зөвшилцөхөөр болжээ. Сонгуулийн холимог тогтолцоог үндсэн хуульд тусгах хэд хэдэн хувилбар байгааг хэлж байна. Тодруулбал одоо байгаа 76 гишүүний талыг намын жагсаалтаар, тал нь олон нийтээс сонгогдох асуудлыг ярьж байгаа бол нөгөө талд гишүүдийн тоог 99 эсвэл 108 болгож холимог тогтолцоогоор сонгодог байх асуудлыг ч хөнджээ. Харин ерөнхийлөгчийг парламентаас томилох асуудалд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга эсрэг байр суурьтай байгаа юм байна.

Маргаашнаас /2019.11.06/ зөвшилцөх ажлыг хэсэг дахин хуралдаж ерөнхийлөгчийг парламентаас сонгох тогтолцооны талаар дахин хэлэлцэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэсний дараа сонгуулийн холимог тогтолцоог ярилцахаар тохиролцжээ. Мөн үндсэн хуулийн 2-р хэлэлцүүлгээр батлагдсан 35 заалтыг хэвээр нь авч үлдэх сонирхолтой байгаагаа эрх баригч намын бүлэг мэдэгдлээ.