ЭЕШ авах нэг ангид 10-15 шалгуулагч сууна 

Нийгэм

Халдварын шинж тэмдэг илэрсэн сурагчаас тусгай ангид шалгалт авна.

Маргаашаас эхлэн дөрөв хоногийн хугацаанд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулагдах гэж байна. Нэг ангид 10-15 шалгуулагч байхаар зохицуулалт хийж ширээ хоорондын зайг 1.5 метрт байрлуулжээ. Хэрэв шалгалт өгөхөөр ирсэн сурагчаас халдварын шинж тэмдэг илэрч биеийн халуун 37 хэмээс дээш байх тохиолдолд тухайн шалгуулагчийг тусгай ангид оруулан шалгалтыг авч харьяа дүүргийн ӨЭМТ-д шилжүүлэхээр болсон байна.

Нийслэлийн хэмжээнд шалгалт авах 41 сургуульд мэргэжлийн хяналтын газраас урдьчилсан үзлэг шалгалт хийлээ. Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах зааврын дагуу сургуулиуд бэлэн байдлаа хангаад байна. Шалгалт авах сургууль бүр шинэ тэмдэг илэрсэн шалгуулагчийг тусгаарлан шалгалт авах тусгай анги бэлтгэсэн байгааг онцоллоо. Мэргэжлийн хяналтын газраас сургууль бүрт заавар зөвлөмж өгсөн байна.

ЭЕШ өгөхөөр очих шалгуулагч өөрөө халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахих хэрэгтэйг мөн санууллаа. Шалгуулагчид олноор бөөгнөрч нэг дор цуглан удаан хугацаанд хамт байхгүй байхыг зөвлөж байна.