Улсын Их хурал

2020 оны төсөвт Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавьсан. Өнөөдөр төсвийн байнгын хороогоор хэлэлцээд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрт тавьсан хоригийг хүлээж авахаар дэмжлээ. Харин ирэх жилүүдийн улсын төсөвт дарамт болно гэж үзсэн заалтуудад тавьсан хоригийг хүлээн авсангүй. 

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлсэн нь ОУВС-тай хийсэн гэрээтэй холбоотой. Нийгмийн даатгалын сангийн алдагдлаа бууруулахын тулд шимтгэлийг үе шаттай нэмэгдүүлэх хууль баталсан. Гэвч Улсын их хурлаас ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь тодорхой болж байна. Шимтгэл нэмэх асуудал буцаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ОУВС-д амласан амлалтаа биелүүлэх ёстой. Эсвэл хэлэлцээр хийх учиртай. Гэвч сангийн сайд хэлэлцээр хийж чадна гэдэгтээ эргэлзэж байна.

ТӨСВӨӨС ДУТАХ 174.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЯАЖ НӨХӨХИЙГ МЭДЭХГҮЙ

Хэрэв нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх заалт буцчихвал 2020 оны төсвөөс 174 тэрбум төгрөг дутна. Тэгэхээр 2020 оны төсөв задрана эсвэл тодотгол хийх шаардлагатай болох юм. Ямартай ч нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх шийдвэрээсээ Улсын их хурал буцах магадлал өндөр боллоо. Гэхдээ гарах үр дагавруудыг хэрхэн шийдэх талаар нэг ч хүн ярихгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлээс гадна 2020, 2021, 2022 онуудад хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудад тавьсан хоригийг хүлээж аваагүй.

МАН-ын намын бүлэг нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шийдвэрт тавьсан хоригоос бусдыг нь хүлээж аваагүй. Төсвийн байнгын хороо яг ийм байдлаар дэмжлээ. Энэ долоо хоногийн чуулганаар хоригийг хэрхэх нь тодорхой болно.