Улсын Их хурал

Манай улс өргөн нэвтрүүлгийн тухай хуультай болж байна. Өмнө нь ийм хууль байсан ч зөвхөн үндэсний олон нийтийн радио телевизийн бүтэц, үйл ажиллагааг зохицуулдаг байсан юм. Гэтэл өнөөдөр манай улсад өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй 84 телевиз оршиж байна. Шинэ хуулинд өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулах эрх олгохоос эхлээд, зар сурталчилгаа, хараат бус нээлттэй, ёс зүйтэй байх хүртэлх зохицуулалтыг хийж өгчээ.

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, телевиз, радио, олон сувгийн дамжуулах газар зэрэг салбарын бүх оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин дутмаг байсан. Иймд 2016 онд анх Өргөн нэвтрүүлгийн тухай хууль өргөн баригдаж байсан юм. Хууль батлагдсанаар зах зээлийн шударга өрсөлдөөн бий болж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах боломж бүрдэх юм.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд  техник, технологийн шинэчлэл тогтмол хийж чаддаггүй, үүнийг дагаад шинэ контент гаргах боломж нөхцөл хангалтгүй байдаг зэрэг олон асуудал гардаг байсан. Тэгвэл хууль батлагдсанаар эдгээр асуудал шийдэгдэх боломжтой болж байна. Хамгийн чухал нь үзэгчид олон улсын шаардлага хангасан, үндэсний хэмжээний нэвтрүүлгийн үзэх боломж нэмэгдэх юм.

Үндэсний өв соёл, түүх, ёс уламжлалыг хадгалсан нэвтрүүлэг бэлтгэсэн тохиолдолд дэмжих санг байгуулах боломжтой болох юм. Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагууд хамрагдах боломжтой юм.

 ФЭЙСБҮҮК ШУУД