Улсын Их хурал

Улсын их хурал ирэх долоо хоногт сонгуулийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийнэ. 50:26 харьцаатай том, жижиг можаритор хувилбараар ирэх жил сонгууль явуулахаар төлөвлөж байгаа юм. Харин сонгуульд эмэгтэйчүүдийн оролцох эрхийг тэгш хангах ёстойг Улсын их хурлын эмэгтэй гишүүд хүчтэй илэрхийлж байна. Ялангуяа нэр дэвшүүлэх квотыг 30 хувиас доошгүй байх саналыг хэлж эхэллээ. Энэ удаагийн парламентад түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн ажиллаж байгаа юм.

Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал зэрэг нийгмийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлуудыг шийдэхэд эмэгтэй гишүүдийн үүрэг оролцоо их. Иймд улс төр дэх эмэгтэй гишүүдийн оролцоог нэмэх, ингэхийн тулд нэр дэвших квотыг 30 хувьд хүргэх талаар УИХ дахь эмэгтэй гишүүд санал дэвшүүлж байгаа. Энэ асуудлаар намын удирдлагуудад ч албан бичиг явуулсан гэдгийг  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдэгдсэн юм.

Нэр дэвших квотоос гадна эрэгтэй эмэгтэй гишүүдийн жагсаалтыг гаргахад олон улсын туршлагаас судалж, тодорхой саналуудыг тусгах хэрэгтэй гэсэн юм. Тухайлбал, БНСУ нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргахдаа хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн зарчим баримталдаг юм. Эмэгтэй гишүүдийн гаргаж байгаа эдгээр саналуудыг хуулинд тусгах асуудлыг бүлгийн хурал болон чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийднэ гэдгийг МАН-ын бүлгийн дарга мэдэгдсэн юм.

Эмэгтэйчүүдийн улс төр болон нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд нэр квотыг зөвхөн УИХ-ын сонгуулиар хязгаарлахгүй, цаашид өргөн хүрээнд асуудлыг авч үзнэ гэдгийг эмэгтэй гишүүд хэлсэн юм.