Улсын Их хурал

Шинэ эрүүгийн хуулиар найман бод, 23 бог мал хулгайвал торгууль, албадан ажил хийх зэрэг дэндүү хөнгөн шийтгэлтэй байхаар зааж өгчээ. Гэтэл амьдрал дээр энэ тоонд тааруулан хулгай хийх тохиолдол эрс нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалт малын хулгайтай тэмцэх биш харин ч өөгшүүлж байгааг ТВ5 телевиз гарган тавьсан юм. Хуулийн энэ зохицуулалт алдаатай байгааг Улсын их хурлын гишүүд хүлээн зөвшөөрч хуульд өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байна. Өнөөдөр нэгдсэн чуулган хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Бага тооны мал хулгайлсан тохиолдолд хөнгөн ял авна гэдгээ хулгайчид хуульчдаас илүү мэдэж байгаа. Энэ бол мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж байгаа гол шалтгаанудын нэг. Тиймээс холбогдох хуулинд өөрчлөлт оруулж, ялын бодлогыг чангатгах, айлын өнчиг ишиг, амьжиргаа залгуулж байгаа саалийн ганц үнээг хулгайлсан тохиолдолд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг гишүүд хэлж байлаа.  

1000 малтай айл нэг хонио, 10 хуруунд багтах малтай айл нэгийг алдахад тухайн айлын амьжиргаанд нөлөөлөх байдал харилцан адилгүй. Иймд амьжиргаанд тааруулж ял оноодог байх саналыг ч гишүүд гаргаж байлаа.

Төв аймаг дахь цагдаагийн газраас энэ оны 11-р сард бусдад учруулсан хохирлын хэмжээ нь 100 сая төгрөг давсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 2 ч бүлэг этгээдүүдийг баривчилсан. Эдгээр гэмт этгээдүүд 20 гаруй давтан гэмт хэрэг үйлдсэн болох шалгалтын явцад тогтоогдсон юм. Давтан үйлдсэн гэмт хэргийн шинжээр ялыг хүндрүүлдэггүй учир гэмт этгээдүүд олон айлд эдийн засгийн хувьд хохирол учруулжээ. Тиймээс давтан үйлдсэн шинжээр нь ялыг хүндрүүлэх талаар хуулинд нэмэлт өөрчлөлт орж байна.

Малын хулгайчдын толгойг илсэн хуулийг заалтыг өөрчлөх, ялын бодлогыг чангатгахыг гишүүдийн олонх дэмжиж байгаа. Нэмэлт өөрчлөлтөд өмнөх хуулинд тусгагдаагүй олон зүйл заалт шинээр орсныг хууль санаачлагчид хэлсэн юм.