Дархан хотын улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийллээ

Нийгэм

Маргааш Дархан хотын 60 жилийн ой тохиох гэж байна. Цар тахлын хүнд хэцүү цаг үе байгаа учраас олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй. Харин ой тэмдэглэх хөрөнгөө цар тахалд өртсөн өвчтэй хүмүүсийн эм бэлдмэл, эрүүл мэндийн салбарын зарим шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулжээ. Мөн 60 жилийн ойгоо угтаж өнөөдөр эмч эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлсэн байна. 

Улаан бүсэд ажиллаж байгаа эмч сувилагчид 12 цагийн турш хамгаалах битүү хувцастай ажилладаг. Бүхий л цаг үед үүргээ биелүүлэн ажиллаж байгаа тэдэнд Дархан хотын 60 жилийн ойн мэндчилгээг урлаг соёлынхон эмнэлгийн гадна очиж хүргэсэн байна. Мөн аймгийн удирдлагууд талархал илэрхийлжээ.

Дархан хотын хэмжээнд нийт 60 эмч улаан бүсэд ажиллаж байгаа юм. 

Дархан хотын иргэн Норовсүрэн 10 хоногийн өмнө коронавируст халдвараар өвчилж хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлжээ. Түүний хувьд жирэмсэн учраас ямар нэг вакцинд хамрагдаагүй. Цар тахалд өртөж айдас их байсан ч Дархан хотын хүүхдийн тасгийн эмч нар 10 хоногт бүрэн эдгээж чадсаныг энэ үеэр ярилаа. 

Дархан-Уул аймгийн хэмжээнд эмчлэн тусгаарлах 12 байранд 850 ор дэлгэсэн. Нийт 60 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дээрх байранд 796 иргэн эмчлэгдэж байна.