Улсын Их хурал

Энэ долоо хоногт Улсын их хурал тэтгэврийн зээл тэглэх асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусна. Засгийн газар хуулийн төсөл боловсруулж парламентад өргөн бариад байна. Хэлэлцүүлэг өнөөдрөөс /2020.01.08/ эхэллээ. Төр нэг удаа тэтгэвэр тэглээд өнгөрөх биш цаашдаа тэтгэвэр барьцаалж зээл олгох эсэх асуудлыг хуулиар зохицуулахаар төлөвлөжээ. Мөн зээлийн их багаас үл хамаарч ахмадуудыг хамруулах ёстой гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байна. Улсын их хурлын хэлэлцүүлгээс мэдээлэл хүргэе. 

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх   тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон эдийн засгийн байнгын хороод хэлэлцэж дэмжсэн. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцсэн. Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь нь зээлтэй байгаа. Эдгээр иргэдийн зээлийг тэглэж байгаа бол зээлгүй ахмадуудыг хэрхэн дэмжих, энэ чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах хэрэгтэй гэдгийг гишүүд хэлж байлаа.

Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг хэлэлцэх зүйтэй гэж үзсэн байнгын хороодын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.5 хувь дэмжсэн юм. Тиймээс төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ. Маргааш эхний хэлэлцүүлгийг хийнэ.