Улсын Их хурал

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын бодлого сул байгааг малчид шүүмжилдэг. Энэ нь малын хулгайн гэмт хэргийг өөгшүүлж байгаа нэг гол шалтгаан. Тиймээс мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хорих ялаас өөр байдлаар шийтгэхгүй байх талаар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон юм.

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд малчдын олон жилийн хөдөлмөрийн үр шимийг нэг шөнийн дотор үгүй хийдэг малын хулгайчидтай хатуу тэмцэх, ялын бодлогыг чангатгах хэрэгтэй гэдгийг санууллаа. 

Бусдын малыг хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр 6-р сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих зохицуулалтыг шинээр оруулсан. Мөн автомашин ашиглах, бусадтай бүлэглэх зэрэг гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцлийг харгалзаж үзэж ял оноодог байх талаар нэмэлт өөрчлөлт орсныг хууль санаачлагчид хэлсэн юм.

Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.