Улсын Их хурал

2020 оны УИХ-ын сонгуулиар нийслэлийн 28 мандатыг 4 өөр цөөлж орон нутагт шилжүүлэхээр ярьж байгаа. Энэ асуудлыг Ардчилсан намын зөвлөл эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Харин өргөн уудам нутагтай манай улсын тухайд нийслэл болоод орон нутагт төрийн бодлогыг тэгш хүргэхэд орон нутгийн мандатыг нэмэх нь зүйтэйг зарим гишүүд хэлж байна. Мөн өмнөх сонгуулиудаар тойрог мандатыг энэ зарчмаар хувиарлаж байсныг СЕХ-ны дарга онцоллоо

Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн тойрог мандатыг 2-р сарын нэгнээс өмнө хувиарлах хуультай. Уг асуудлыг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэж тойргоо хуваан мандатын тоогоо тодорхой болгох юм. Урьдчилсан байдлаар нийслэлийн мандатын тоог цөөлөх асуудал яригдаж уг асуудлыг Ардчилсан нам хатуу эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Нийслэлийн 28 мандатыг 4-өөр цөөлж Говьсүмбэр, Дундговь, Булган, Сүхбаатар аймгуудад мандат нэмэхээр ярьж байгаа. Энэ асуудлыг эрх баригч нам өөрсдийн эрх ашигт нийцүүлж байна гэж Ардчилсан нам мэдэгдсэн. Тэгвэл аль нэг намын эрх ашиг гэхээсээ илүүтэй газар нутаг хүн амын онцлогтоо тохируулан тойрог мандатын тоог тодорхой болгох ёстойг хэлж байна.

2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойрог олон мандаттай байхаар хуульчилсан. Өөрөөр бол 76 жижиг тойргоос гишүүдийг сонгодог байсан бол энэ удаад 26 тойргоос 76 гишүүнийг сонгох юм.