Улсын Их хурал

Байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрхөөс гадна манай улсын ёс уламжлал, зан заншил жуулчдын анхаарлыг татдаг. Гэтэл бид нүүдэлчин уламжлалын явцад бий болсон ахуй амьдрал, үндэсний дуу, хөгжим зэргийг оюуны өмчид бүртгүүлж патентжуулж чадаагүйгээс харь улсын нэр дээр бүртгүүлэн, түүхээ бүдгэрүүлж байна. Шалтгаан нь оюуны өмчийн талаарх бие даасан хууль байгаагүйтэй холбоотой юм. Иймд Н.Учрал нарын гишүүд оюуны өмчийн тухай хууль боловсруулан өнөөдөр парламент баталлаа.

Ааруул, аарц, борц зэргийн патентыг Өвөрмонголчууд авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалж байгаа. Бидний соёлын өв хэмээн чанга дуугарсан ч нэгэнт гадны улсын нэр дээр бүртгүүлсэн энэ мэт жишээ олон. Иймд үндэсний хэмжээнд оюуны өмчтэй холбоотой асуудлыг авч үзэх шаардлага бий болсныг УИХ-ын гишүүн Н.Учрал мэдэгдэж, холбогдох хуулийн төслийг баталж байгаа нь цаг үеэ олсон гэдгийг онцолсон юм.

Оюуны өмчийн тухай бие даасан хууль өмнө байгаагүй. Үүнээс үүдэж оюуны өмчтэй холбоотой олон маргаан гарч байсан юм. Тиймээс тулгамдаж байгаа асуудлыг шийдэх үүднээс УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл боловсруулсан юм. Өнөөдөр энэхүү хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа. Хууль батлагдсанаар оюуны өмчийн тогтолцоо, эрхийн хамгаалалт, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц ойлгомжтой тодорхой болох юм.