Улсын Их хурал

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Өмнө нь орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг өөрчилж 15 болгон багасгажээ. Мөн шилжилт хөдөлгөөнийг 8-р сарын 15-наас зогсоож, 10-р сарын 15-наас нээхээр зохицуулалт хийсэн байна. 

Орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцохгүй, иргэд нэрээ дэвшүүлж оролцох ёстой гэсэн саналыг нэр бүхий гишүүд гаргасан. Энэ санал дэмжигдвэл орон нутагт улс төржих, талцал байдал гарахгүй. Улмаар төрийн ажил гацахгүй хэвийн явагдана гэж байсан. Харин энэ саналыг гишүүд дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүдийн зүгээс орон нутгийн сонгуулийг бага зардлаар явуулах зүйтэй гэсэн санал гаргасан. Энэ дагуу сонгуулийн сурталчилгааны хоног 22 байсныг өөрчилж 15 хоног болгосон. Мөн сонгогчдын ирц 50+1 байх заалт орж, гишүүдийн олонх энэхүү саналыг дэмжсэн юм.

Ийнхүү орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.