Улсын Их хурал

Төрийн байгуулалтын байнгын хорооны хувьд өнгөрсөн намар олон нийтийн анхаарлын төвд байсан гол хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Үндсэн хуулийн өөрчлөлт, Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, тойрог байгуулж мандат хуваах, зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зэрэг асуудлыг байнгын хороо хэлэлцэн боловсруулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 29 хуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулсан. Эдгээр хуулиудын нэг нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт. Чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт өөрчлөлтийн төслийг 36 удаа 105 цаг хэлэлцэж баталсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Парламентын засаглалыг бэхжүүлэх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа институтуудын хариуцлагын механизмыг сайжруулсан гэдгийг төрийн байгуулалтын байнгын хорооны дарга онцолсон юм.

Өмнө нь УИХ, орон нутгийн сонгууль нэг хуулиар зохицуулагдаж байсан. Гэвч зарим нэг хүндрэл гарч, тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийг боловсруулах шаардлага үүссэн юм. Тиймээс УИХ болон аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. УИХ-ын сонгуулийн тухай хуульд

-       УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно.

-       Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн болон Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглосон.

-       Сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө эд зүйл тараах, нийтийг хамарсан тэмцээн баяр наадам зохион байгуулахыг хориглосон.

Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар Орон нутагт дахин сонгуулиа зарлаж чадахгүй нөхцөл үүсдэг байсныг арилгажээ.

2020 оны сонгуулийг товыг зарлаж, санал авах өдрийг тогтоосон. Сонгуулийн жилийн 6-р сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр санал авах өдөр байна гэж заасан. Энэ дагуу 6-р сарын 24-нд УИХ-ын ээлжит сонгууль болно. Мөн хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан үзэж тойрог байгуулж, мандат хуваарилсан.