Вена хотхоо ОХУ-ЕХ-ны хамтарсан зөвлөлийн уулзалт боллоо

Улс төр

Австрийн нийслэл Вена хотноо Европын Аюулгүй байдлынХамтын ажиллагааны байгууллагын байнгын зөвлөлийн 2022 оны анхны хуралдаан боллоо. Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд байгууллагын гишүүн 57 улс орны төлөөлөгчид, тэр дундаа ОХУ, АНУ, Украины албаны хүмүүс оролцжээ. Вена хотноо болсон хуралдаан Орос болон Барууны улс орнуудын хоорондын харилцаа хурцадмал цаг үед болсон юм. 

Вена хотноо болсон ЕХ-ны Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан АНУ-ОХУ, НАТО-ОХУ гэсэн форматаар энэ долоо хоногт болсон хамтарсан зөвлөлийн уулзалтын араас болсон ЕАБЗ болоод ОХУ-ын хоорондын 3 дахь шатны уулзалт болжээ. Орос-Украины хоорондын хямралтай холбоотойгоор Европын аюулгүй байдал сүүлийн 30-аад жил дэх хамгийн тогтворгүй цаг үед байгааг байнгын зөвлөлийн хуралдаанд оролцогч улс орнууд тэмдэглэж байсан юм.

Польшийн гадаад хэргийн сайд Збигнев Рау Вены уулзалтын үеэр энэ талаар мэдэгджээ. Вена хотноо болсон уулзалт Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Орос-НАТО-ийн хамтарсан яриа хэлэлцээ, мөн Орос-Америкийн гадаад хэргийн яамны албаны төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалтын дараа болсон юм. Москвагийн эрх баригчид НАТО-гоос дорно зүгт хүрээгээ тэлэх үйл явцаа зогсоохыг шаардаж, Оросын хил дагуух бүсэд дундын болон ойрын зайн тусгалтай пуужин байрлуулах бодлогоос татгалзан, Европ дахь цэргийн үйл ажиллагаагаа хумихыг хүсч байгаа юм.

Европын Аюулгүй байдлын Хамтын ажиллагааны байгууллага дахь Оросын байнгын төлөөлөгч Александр Лукашевич: -Хэрвээ Москва тавьсан хүсэлт шаардлагынхаа дагуу шийдвэртэй хариу сонсохгүй, мөн цаашид Оросын эсрэг дайсагнасан байр сууринаас татгалзахгүй бол бид стратегийн тогтвортой байдлыг хангах, мөн улс орныхоо үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйл хөдлөлийн эсрэг шаардлагатай хариу арга алхмыг авахаас аргагүйд хүрнэ гэжээ. Барууны орнууд Москваг Украинтай залгаа хил дагуух бүсэд 100 мянган хүний бүрэлдэхүүнтэй цэрэг армиа төвлөрүүлэн, халдан довтлоход бэлтгэж байгаад буруутгаж байгаа юм. Москва Барууны энэ хардалт сэрдэлтийг няцааж, НАТО дорно зүгт хүрээгээ тэлэхээр сүрдүүлж байгааг жинхэнэ аюул гэж үзэж байгаагаа илэрхийлж байна.