Архив...

Улсын Их хурал

Дэлхий нийтээр цар тахал тархаад байгаа өнөөгийн нөхцөлд УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэх хугацаа таарсан. Тэгвэл УИХ-ын чуулганы танхимд 75 гишүүнээс гадна ажлын хэсэг болон тамгын газрын ажилтнууд нэг дор байх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Улмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн хүрээнд гишүүд хоорондын зайг хоёр метр байхаар тооцон цахим хуралдаан зохион байгуулж байна. Үүнтэй холбоотой дэгийн хуульд тусгай өөрчлөлт оруулах анхны хэлэлцүүлгийг төрийн байгуулалтын байнгын хороо хийлээ.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд цахим хуралдааныг хэрхэн явуулах тусгай өөрчлөлт оруулахаар УИХ хэлэлцэж эхлэсэн. Ингэхдээ

улс даяар онц байдал зарлах, дайны үед болон дайн бүхий байдал, олон нийтийг хамарсан хөл хориот өвчин гарсан тохиолдолд УИХ цахим хуралдаан явуулна

хэмээн тусгаж байна. Онцгой нөхцөлд цахим хуралдаан явуулахдаа шийдвэр гаргах явцыг түргэвчлэх, цахим хуралдааны товлосон цагт амжиж бүртгүүлэхгүй хоцорсон тохиолдолд гишүүний үг хэлэх эрхийг хязгаарлах асуудлыг багтаасан. Харин энэ асуудалд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байна.

Онцгой нөхцөлд яаралтай авах арга хэмжээний дүгнэлтийг засгийн газар 72 цагийн дотор боловсруулж саналаа УИХ-д ирүүлэхээр хуульд тусгасан. Улмаар Улсын их хурал төсөл хэрэгжүүлэх үе шатыг тогтоох хялбаршуулан хэлэлцэх асуудлыг олонхийн саналаар шийдэхээр хуульчилжээ. Улмаар гишүүдийн үг хэлэх хугацааг 3 минут байхаас гадна нэмэлт нэг минут олгодог байх хэрэгтэй гэж үзсэн юм. Гэвч гишүүдийн үг хэлэх хугацааг багасгах нь буруу гэж зарим гишүүд үзсэн бол энэ нь онцгой нөхцөлд цахим хуралдаан явуулж байгаа олон улсын парламентын жишиг гэдгийг хэллээ.

УИХ цахимаар хуралдахад санал хураалт явуулах асуудал эрсдэл өндөртэй гэдгийг гишүүд хэлсэн юм. Тэгвэл

цахим хуралдааны дэгт санал хураалтыг гар өргөх эсвэл программ ашиглах гэсэн хоёр сонголтой байхаар хуульчилж аюулгүй байдлыг тагнуулын байгууллагад хариуцуулахаар боллоо. Харин нууц санал хураалтыг зөвхөн хуудсаар өгдөг байхаар хуулийн төсөлд тусгажээ.