Улсын Их хурал

Сонгууль хойшлуулах эсэхийг төрийн эрх барих дээд байгууллага шийднэ. Гэхдээ хуульд зааснаар сонгуулийг товлон зарласан өнөөгийн нөхцөлд зогсоож болох зохицуулалттай. Харин товлон зарлахаас өмнөх тохиолдолд хойшлуулах боломжтой байхаар тусгасан байдаг байна. Тиймээс өнөөгийн нөхцөлд сонгуулийг цахимаар явуулах боломжийг судалж байгаа гэлээ.

СЕХ өнгөрсөн 2-р сараас хойш бэлтгэл ажлаа ханган дийлэнх хэсгийг цахим хэлбэрт шилжүүлсэн гэнэ. 4, 5 р саруудад сонгуулийн хороодын дарга нарийн бичиг нарт цахимаар сургалт явуулахаар болсон байна. Хэрэв сонгуулийг цахимаар явуулахаар болвол тусгай хууль хэрэгтэйг тэрээр онцоллоо. Гэхдээ халдвараас сэргийлэх ажлыг сайтар ханган сонгуулийг зохион байгуулахад ирц хүрэхгүй гэх зүйл байхгүй гэлээ. Учир нь УИХ-ын сонгуулийн ирц хүрэхгүй байсан тохиолдол байхгүй гэсэн юм.

Ковид-19 халдвар тархсантай холбоотой зарим орнууд сонгуулиа хойшлуулж эхэлснийг төрийн тэргүүн онцлоод УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж зардлаа танах санал гаргасан. Тэгвэл парламентын сонгуулиа хойшлуулсан 4-5 улс л байгаа гэдгийг СЕХ-ны дарга хэллээ. Харин орон нутгийн болон бусад жижиг сонгуулийг хойшлуулсан 40 орчим улс байгаа юм байна. Манай улсын тухайд сонгууль товлон зарласнаас хойш бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг тэрээр онцоллоо. Харин төрийн тэргүүн онцгой нөхцөлд сонгуулийг хэрхэн явуулах төлөвлөгөө боловсруулах үүрэг өгчээ.