Улсын Их хурал

Засгийн газраас Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлыг дүгнэн ирэх 30 жилийн хөгжлийг тодорхойлсон "Алсын хараа-2050" бодлогын баримт бичгийг хэлэлцэхийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дэмжлээ.

Монгол Улсыг ирэх 30 жилд хөгжүүлэхэд дараах зургаан салбар тэргүүлнэ хэмээн "Алсын хараа-2050" хөгжлийн баримт бичигт тодорхойлсон. Үүнд уул уурхай болон түүнийг холбосон мега төслүүд, хүнд, хөнгөн, хүнс гэсэн гурван чиглэлд боловрсуулах аж үйлдвэр, эрчим хүчний салбар, тээвэр логистик, төрөлжсөн аялал жуулчлал түүнийг дагасан үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, мэдээлэл технологи зэрэг салбаруудыг багтаасан юм.

Урт хугацаанд улсаа хөгжүүлэх бодлогыг тодорхойлохдоо залгамж чанараа хадгалан хэрэгжилт нь үргэлжилсээр байх эсэхэд хэр хэмжээнд анхаарсныг гишүүд тодруулж байлаа. Үүнээс гадна манай улсын хүн амын тэн хагас нь амьдарч байгаа нийслэл хот 30 жилийн дараа ямар байхаар төсөөлснийг тодруулж байсан юм

Ирэх 30 жилд манай улсын дундаж орлоготой иргэд 80 хувьд хүрч, хүн амын тоо таван сая давна гэж төсөөлжээ. Энэ мэтчилэн эдийн засаг нийгэм, төрийн тогтвортой байдал зэрэгт 9 зорилго 50 зорилт бүхий алсын хараа 2050 төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм.