Хөгжлийн банкнаас зээл авсан 20 орчим зээлдэгч 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашиглажээ 

Засгийн газар

Засгийн газрын тэргүүн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийг шуурхайлах үүргийг холбогдох хүмүүст нь өглөө. Хөгжлийн банкнаас нийт 3 их наяд төгрөгийн зээлийн багц гарснаас 55 хувь нь чанаргүй буюу эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн зээл байгаа юм. Өнөөдрийн байдлаар 28 зээлдэгчийн 1 их наяд төгрөгийн зээл шүүхэд шилжээд байна. Үүнээс гадна Хөгжлийн банкнаас 20 орчим зээлдэгч 520 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан ч зээлийг зориулалтын бусаар ашигласан нь шалгалтын явцад тогтоогджээ.  

Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний тэргүүлэх салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах  зорилготой. Гэвч өнгөрсөн хугацаанд тус банкнаас гаргасан зээлийн 55 хувь буюу нэг их наяд төгрөгийн зээл чанаргүйдэж, эхнээс нь хууль шүүхийн байгууллагад шилжүүлж эхэлсэн. Ерөнхий сайдын зүгээс зээлийн эргэн төлөлтийг шуурхайлах үүргийг өглөө.

Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг бүтээн байгуулалт нэрээр авсан нөлөө бүхий хүмүүс зээлээ зориулалтын бусаар ашиглаж нэгч тоосго газар тавиагүй хэрэг ч олон байна. Нийт 3 их наяд орчим төгрөгийн зээл гаргаснаас 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар ашигласан байжээ. 

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч, авсан зээлээ зориулалтын бусаар ашиглан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөөгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд шуурхай арга хэмжээ авахаар болжээ. Мөн хяналт шалгалтыг сайжруулахаар өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Харин нийгмийн сүлжээнд өрнөж байгаа шиг Хөгжлийн банкийг дампууруулах явуулга огт байхгүйг Хэрэг эрхлэх газрын дэд дарга хэллээ. Тийм боломж ч байхгүй гэдгийг онцолсон юм.