Улсын Их хурал

Ирэх 6-р сарын 24-ний өдөр Улсын их хурлын ээлжит сонгууль болох гэж байна. Үндсэн хуульд сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос нэг жилийн дотор өөрчлөлт оруулахыг хориглосон. Тэгэхээр хойшлох боломжгүй гэж үзэж байгаа юм. Тэгвэл цар тахлын үед сонгуулийг ямар байдлаар зохион байгуулах вэ гэдгийг олон нийт сонирхож байна. Дэлхийн зарим улс орон хөл хорионы үед сонгуулиа амжилттай явуулж дуусгалаа. Харин манай улсын Сонгуулийн ерөнхий хороо Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа заавар зөвлөмжийн дагуу зохион байгуулалтаа хийнэ. Хэсгийн хороод дээр урьдчилан сэргийлэх ажлын бэлтгэлийг базааж эхэлжээ.

Цар тахлын тархалтыг хязгаарлан, тахлаас сэргийлэн ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлд УИХ-ын ээлжит сонгуулийг зогсоох ганц л нөхцөл бий. Энэ нь улс даяар дайны болон онц байдлыг УИХ-аас зарлан тогтоосон тохиолдолд сонгууль явуулахгүй гэх зохицуулалт юм. Тиймээс цар тахлын тархалтыг дотоодод барьж байгаа өнөөгийн нөхцөлд УИХ-ын сонгууль товлосон хугацаандаа болохоор төлөвлөгдөж 6-р сарын 2-ны өдрөөс албан ёсны сурталчилгаа эхлэнэ. Гэхдээ олон нийтийг нэг дор цуглуулж болохгүй өнөөгийн нөхцөлд сурталчилгаа хэрхэн явуулах, сонгогчдын саналыг хэрхэн авах зэрэг асуудлууд үүсч байгаа юм.

Үүнээс гадна ирэх сарын 25-ны өдрөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг улс орон даяар мөрдөж эхлэнэ. Эцэг хуулийн өөрчлөлтөөр эрх барьж байгаа нам сонгуулийн хуулийг өөрчилдөг жишгийг халах үүднээс сонгууль болохоос нэг жил доторх хугацаанд хуульд өөрчлөлт оруулахгүй байх заалтыг хатуу тусгасан. Тэгэхээр өнөөгийн парламент сонгуулийн тухай хуулийг өөрчлөх боломжгүй. Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа цар тахлын хуульд 4 ба түүнээс дээш хүн нэг дор цуглахыг хориглох заалт туссан. Энэ мэтчилэн эрх зүйн зохицуулалтаас үүдэлтэй сонгуулийг ямар байдлаар зохион байгуулахыг гишүүд тодруулж байлаа.

Цар тахлын эсрэг хуулийн үйлчлэл сонгуулийн хуульд хамаарахгүйг тэрээр ийнхүү онцоллоо.

Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд зохион байгуулалтын ажлаа хийнэ. Гэхдээ Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа заавар, зөвлөмжийг хатуу баримтлан ажиллана гэдгийг хууль санаачлагч хэлж байгаа юм.