5-р сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг эрт илрүүлэг, оношилгоонд хамруулна

Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар олон нийтийн анхаарлын төвд орсон хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Тухайлбал 5-р сарын нэгнээс иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар болсноо танилцууллаа.

Засгийн газрын хуралдаанаар ковид-19 халдварын үеийн засгийн газрын санхүүжилт зарцуулалтад хяналт шалгалт хийж олон нийтэд нээлттэй мэдээлэх үүргийг Сангийн сайдад өгчээ. Мөн Эрүүл мэндийн сайдад  иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэг оношилгоонд хамруулах ажлыг 2022- оны 5 р сарын 1-ний өдрөөс хамруулж эхлэх чиглэл өгсөн байна. 

Манай улсын хувьд 2018 оноос эхлэн насны багцаар эрүүл мэндийн даатгалын сангаас урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэлсэн ч иргэд мэдээлэл муугаас хамрагдалт хангалтгүй байдаг байна. Жилдээ 10 хувь хүрэхгүй иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг тул энэ онд эрүүл мэндийн даатгалын сангаас 60.8 тэрбум төгрөгийг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар зардлыг тусгасан байна.

Улсын хэмжээнд хавдраар өвчилж байгаа иргэдийн нас баралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд 17 төрлийн үзлэг хийхээс аль болох бүх эрхтэн тогтолцоонд шилжилгээ хийхээр төлөвлөж байгааг Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ.