Улсын Их хурал

УИХ-аар өнгөрсөн оны 12 р сард Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох заалт оруулсан. Уг заалтыг нэр бүхий иргэд Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн цэцэд гомдол гаргасан. Тэгвэл Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэх шийдвэрийг гаргасан юм.

Сонгуулийн тухай хуулийн 29 р зүйлд гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байсан хүн нэр дэвшихийг хориглоно гэж заасан бол 29.8 р зүйлд Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэх заалтууд туссан. Хуулийн уг заалтаар иргэдийн цалинг таван саяд хүргэнэ гэх МАХН-ын дарга Намбарын Энхбаяр нэр дэвших эрхгүй болсон. Тэрээр сонгуулийн хуулийн дээрх заалтууд Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн цэцэд гомдол гаргасан. Харин цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчөөгүй гэх шийдвэрийг гаргасан юм.

Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа дээрх асуудлыг дахин хэлэлцэнэ. Цэцийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий сайд асан М.Энхсайхан зэрэг авлига албан тушаалын гэмт хэргээр ял сонсож байсан хүмүүс энэ удаагийн сонгууль болоод ирэх жилүүдэд ч өрсөлдөх эрхтэй байх уу үгүй юу гэдэг шийдэгдэнэ. Хугацаа хэтэрсэн зээл, арбитрын шүүхээр тогтоосон өр төлбөргүй байх зэрэг сонгогдох эрхтэй холбоотой олон хязгаарлалт сонгуулийн хуульд туссан юм.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэсэн дүгнэлтээ танилцуулсан. Тэгвэл цэцийн дүгнэлтийг 15 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдэх учиртай юм.