Архив...

Улсын Их хурал

УИХ хаврын ээлжит чуулганыг энэ долоо хоногт хаахаар төлөвлөн хэлэлцэх хуулийн төслүүдийг шуурхайлж эхлэсэн. Гэхдээ дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын эрсдэл намжаагүй тул шаардлага гарвал хэдийд ч хуралдахад бэлэн байхаар төлөвлөжээ. Харин чуулганы хуралдааныг хаахаас өмнө Эрдэнэт үйлдвэртэй холбоотой санхүүгийн луйврыг засгийн газраас УИХ-ын гишүүдэд танилцуулах хэрэгтэйг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга онцоллоо.

Эрдэнэт үйлдвэрийн трейдер буюу зуучлагч компаниудтай холбоотой 270-280 сая.ам долларын санхүүгийн луйврыг ил болгосон талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдэж байсан. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх зэсийн үнээс хэт өндөр үнээр Эрдэнэт үйлдвэрээс баяжмал гаргадаг байсан байгаа юм. Үүнээс гадна ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед үйлдвэрээс гаргаж байгаа зэс хамгийн өндөр үнээр гардаг байсныг онцолсон. Тэгвэл уг асуудал болоод Эрдэнэт үйлдвэртэй холбоотой ноцтой асуудлуудыг чуулганы хуралдаан завсарлахаас өмнө УИХ-ын гишүүдэд танилцуулахыг хүслээ.

Дээрх луйврыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт тогтоосон санхүүгийн онцгой дэглэмийн хүрээнд ил болгосон гэдгийг хэлсэн. Зэсийн баяжмалыг өндөр үнээр гаргаад оффшор компаниудаар дамжуулан Монголд үл хөдлөх хөрөнгө болгодог байсан гэх асуудлыг ч хөндсөн. Тэгвэл энэ долоо хоногийн Баасан гарагийн хуралдаанаар дээрх асуудлыг чуулганы хуралдаанаар танилцуулах цаг гарах эсэхийг Тамгын газар судлаад хариу өгнө хэмээн УИХ-ын дарга хэллээ.

Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт санхүүгийн онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Тэгвэл үйлдвэрээс өндөр үнээр зэс гаргадаг байснаас эхлээд олон луйврыг таслан зогсоосны дүнд Эрдэнэт үйлдвэр жилийн хугацаанд их наяд төгрөг төсөвт төвлөрүүлсэн гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга онцолсон юм.