Улсын Их хурал

Хууль батлах дээд байгууллага Улсын их хурлын хаврын чуулган завсарлалаа. 2016 оны сонгуулиар бүрдсэн парламент нийт 124 хуулийн төсөл баталж, дунджаар 66 хувийн ирцтэй ажилласан байна. Занданшатар даргатай парламент олон жил яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадсан нь түүхэн үйл явдал байлаа. Монголын 7 дахь удаагийн парламент өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийж дуусгалаа. Одоо ирэх 6-р сард болох сонгуулийн үр дүнгээр дараагийн парламент ажлаа авах юм.

Монгол улсын долоо дахь парламент өнөөдөр отгон чуулганаа завсарлууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан энэ удаагийн парламент 20-иод жилийн дараа гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь түүхэн ажил болсон.

МОНГОЛ УЛСЫН ДОЛОО ДАХЬ ПАРЛАМЕНТ ОТГОН ЧУУЛГАНАА ЗАВСАРЛУУЛЛАА

Эцэг хуулийн өөрчлөлтийг дагалдуулж УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль зэрэг долоон хуулийг баталлаа. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бүрдэх шинэ парламент өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж, гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллах боломжтой болж байгааг УИХ-ын дарга онцоллоо. Энэ парламент нийт 124 хуулийн төслийг баталж чуулганы хуралдааны дундаж ирц 66 хувьтай байлаа.

УИХ-ЫН ДОЛООН ГИШҮҮНИЙГ МОНГОЛ ТӨРИЙН МАНЛАЙ ТҮШЭЭГЭЭР ТОДРУУЛЛАА

УИХ-ын дарга парламентын бүрэн эрхийн хугацаанд идэвхи санаачлагатай ажиллаж, бусдыгаа манлайлсан УИХ-ын долоон гишүүнийг Монгол төрийн манлай түшээгээр тодруулсан юм. Цар тахал дэлхий нийтэд тархсан энэ цаг үед УИХ цаг алдалгүй хуралдах шаардлага гарвал гишүүд бэлэн байхыг УИХ-ын дарга сануулсан юм.

Сонгуулийн дүнгээр бүрдэх шинэ парламент ажлаа авч тангаргаа өргөснөөр энэ парламент отгон чуулганаа албан ёсоор хаах юм.