НҮБ дахь Америкийн байнгын төлөөлөгч Аюулгүйн зөвлөлөөс Оросын талыг хасах хүсэлт гаргажээ

Улс төр

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины Буча хотод үйлдэгдсэн яргалал, хядлагын талаар тусгай хуралдаан хийсэн.

Тэгвэл НҮБ дахь Америкийн байнгын төлөөлөгч Линда Томас Гринфилд Аюулгүйн зөвлөлөөс Оросын талыг хасах хүсэлт гаргасан байна. Гэхдээ энэ саналыг хүлээж авах, аль нэг улс орныг олон улсын байгууллагаас, эгнээнээсээ хасах ямар ч хууль эрхийн үндэслэл байхгүй, энэ бол боломжгүй зүйл гэдгийг НҮБ мэдэгджээ. 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд нийт 15 улс орон багтдагийн 5 нь байнгын гишүүний статустай, харин бусад 10 гишүүн нь 2 жилээр ээлжлэн сонгогддог. Тэгвэл Америкийн тал Оросын Аюулгүйн зөвлөл дэх гишүүнчлэлийг түтгэлзүүлэх санал гаргасан байна. Аюулгүйн зөвлөл нь НҮБ-ын үндсэн 6 бүтцийн нэгт багтдаг, НҮБ-ын 24 дэх зүйл заалтын дагуу олон улсын тавцанд энхтайван, аюулгүй байдлыг мөрдөх үүрэг чиглэлийг зохицуулдаг гол байгууллага гэж тооцогддог юм.

Украины Бучад болсон хэрэг явдлын дагуу Аюулгүйн зөвлөл Орос болон Украины санаачлагын дагуу шуурхай хуралдаж, Москва Киевийн талууд Бучад болсон явдалд хэн буруутай, хэн хариуцлага үүрэх ёстойг шалган тогтоохыг хүссэн юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Украины тэргүүн Владимир Зеленский мэдэгдэл хийж, улс орон ард түмнийхээ  нэрийн өмнөөс Украинд болж байгаа цус асгаруулсан дайн тулааныг зогсоохыг, ёс бусаар амиа алдаж байгаа иргэдийнхээ төлөө Оросын талаас хариуцлага нэхсэн байна.

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Буча дахь явдал Оросын цэргийнхэн хотыг орхин гарсны дараа болсон гээд, энэ явдал Москваг хүн төрөлхтөний эсрэг дайны гэмт хэрэгт буруутгах зорилгоор зориудаар зохион байгуулсан балмад дүр зураг гэж үзсэн хэвээр байна.