Улсын Их хурал

Монгол Улсын найм дахь удаагийн Их хурлын анхны ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Улс орны өмнө яаралтай шийдвэрлэх ажлууд хүлээгдэж байгаа учраас төрийн эрх барих дээд байгууллага ажлаа шуурхайлж байгааг Улсын их хурлын дарга хэллээ. Ээлжит бус чуулганаар коронавирусний улмаас эдийн засагт үүсч байгаа хүндрэлийг даван туулахын тулд нэгдсэн төсвөө тодотгож, эдийн засгийн зарим асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, нөхцөл байдлаас шалтгаалж дэлхийн олон улс төсвөө тодотгож зардлаа танаж эхэлсэн. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ч он дуустал сайжрахгүй гэдгийг Сангийн сайд онцоллоо. Тухайлбал, төсвийн орлого 3.4 их наяд төгрөгөөр буурч оны эцэс гэхэд төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрэх магадлалтайг хэлж байна.

ЗГ 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ ОЛОН НИЙТЭД ХУДАЛДАХ ЗАМААР ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХНӨ

Тиймээс улсын төсөвт тодотгол хийх замаар алдагдлын хэмжээг 3,8 байхаар тооцжээ. Ингэхдээ төсвийн хөрөнгөөр баригдах 119 төслийг хасахаар тусгасан бол ажлын гүйцэтгэл нь удаашралтай 344 төслийн санхүүжилтийг хойшлуулах юм байна. Улмаар нийт 513.6 тэрбум төгрөгийн зардлыг бууруулахаар тооцжээ.

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР БАРИГДАХ 119 ТӨСЛИЙГ ХАСЧ, ГҮЙЦЭТГЭЛ УДААШИРСАН 344 ТӨСЛИЙГ ХОЙШЛУУЛНА

Ээлжит бус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл;

2. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;

3. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

4. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;

5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;

7. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;

8. “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

9. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл.