Улсын Их хурал

Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Улсын их хурлын ажлын хэсэг судалж эхэлсэн. Тэдний хийх хамгийн чухал ажил бол шүүгчийн хараат бус байдал. Өнөөдөр шүүгчийг ерөнхийлөгч эсвэл үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр томилж, чөлөөлдөг. Энэ нь хонгил хэмээх зүйл хадгалагдсаар байгаагийн том шалтгаан гэдэгтэй хуульчид санал нэг байна. Өөрөөр хэлбэл хонгилын эзэн өөрчлөгдөхөөс хонгил нурахгүй. Тийм учраас ямар зохицуулалт хамгийн зөв болох вэ гэдгийг хуульчид хайж эхэллээ.

Сүүлийн жилүүдэд нэр бүхий улстөрчид шударга бусын хонгилоор чирэгдсэн тухайгаа мэдээлэх болсон. Улмаар хонгилын шүүгч гэх тодотгол олон нийтийн анхаарлыг татсаар байгаа юм. Шударга бусын гэгдэх хонгилоор шүүх засаглалын тусламжтай улстөрчдийг болоод гэмгүй иргэдийг чирж ял хүлээлгэдэг гэх тогтолцоо 1990-ээд оноос эхтэй гэдгийг нэр бүхий хуульчид онцоллоо. Тодруулбал, 1993 оноос эхлэн шүүгчийг томилох чөлөөлөх бүрэн эрхийг МУ-ын _рөнхийлөгчид олгосон байдаг. Энэ нь шүүх засаглалын хараат бус байдлыг алдагдуулах гол хүчин зүйл гэдгийг хэлж байна.

Дэлхийн 140 гаруй орноос шүүх засаглалын хараат бус байдлаараа манай улс 120-д оржээ. Тиймээс шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа шүүх засаглалын хараат бус байдлыг хангах хэд хэдэн заалтыг тусгасан байна. Нэн тэргүүнд ҮАБЗ өөр шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах асуудлыг болиулна гэлээ. Мөн жил ирэх тусам нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал өсч байгааг онцоллоо. Тодруулбал анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэрэг 125 байсан бол өнгөрсөн онд 195 болж өсчээ. Тиймээс шүүхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хэлж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 117 шүүхэд 523 шүүгч шүүн таслах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа шүүх засаглалын бие даасан байдлыг хангах зохицуулалтыг нэн тэргүүнд тусгах ёстойг хэллээ. Шүүгчид хараат бусаар ажиллах эрх зүйн зохицуулалт бий болсон цагт манай улсад хонгил гэдэг зүйл арга болно хэмээн хуульчид онцолсон юм.