Улсын Их хурал

Улсын их хурлын нэгдсэн чуулган, байнгын хороодын хуралдааны үеэр гишүүд дураараа явдаг, хурал даргалагчийн микрофоныг булаадаг, цаггүй ярих, ёс бус үйлдэл үзүүлэх зэрэг асуудлыг дэгийн тухай хуулиар зохицуулахаар төлөвлөж байна. Хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа. Улсын их хурал дахь цөөнхийн бүлэг энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ялангуяа гишүүдийн ёс зүйн асуудлыг нарийвчлан тусгах  ёстойг онцолсон байна. 

 

УИХ өнгөрсөн 8-р сард ээлжит бусаар хуралдаж 2020 оны улсын нэгдсэн төсөвт тодотгол хийж, 2019 оны төсвийн зарлагын тайлантай танилцсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы хуралдааны дэгийг зөрчин хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй байр суурь илэрхийлсэн. Улмаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хүн гүтгэх, эсвэл доромжлох эрх тусгагдаагүй тул дэг зөрчсөн хэмээн танхимаас гаргасан юм.
Уг асуудлаас үүдэлтэй УИХ-ын төсвийн зарлагын хяналтын дэд хороог даргалдаг Б.Пүрэвдорж гишүүн дэд хороог хуралдуулалгүй бойкот хийж байсан удаатай. Тэгвэл энэ мэт асуудлаас үүдэлтэй байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа тасалдах уу гэдэг асуудал үүсч байгаа юм. Харин цаашид үүнийг Дэгийн тухай хуульд тодорхой зохицуулах заалтыг тусгажээ. Өнөөдөр өргөн баригдсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 18.1.3- хуралдааны танхимыг орхин гарахыг үүрэг болгох, 18.9- дэх хэсэгт Зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь байнгын болон дэд, түр хорооны нэгдсэн хуралдаанд хамаарна хэмээн тусгажээ. Тэгвэл дэгийн тухай хуульд орж байгаа өөрчлөлтийг сөрөг хүчин өнөөдрийн хурлаараа хэлэлцсэн байна.
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уг төслийг парламент хэлэлцэн дэмжвэл 10-р сарын 12-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тусгажээ. Хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулж зөрчил гаргасан гишүүнийг танхимаас гаргах дээрх зохицуулалт тухайн өдрийн хуралдаанд л хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ