Индонезид цэргийн шумбагч хөлөг сураггүй болжээ

Үйл явдал

Индонезийн Бали арлын ойролцоо тэнгисийн цэргийн хүчний KRI Nanggala-402 загварын шумбагч хөлөг онгоц сураггүй алга болжээ. Шумбагч онгоцон дээр багийн 53 гишүүн яваа юм.

Индонезийн цэргийн шумбагч хөлөг онгоц Бали арлаас хойд хэсэгт сургуулилт хийж яваад сураггүй алга болжээ. Шумбагч хөлөг онгоцтой лхагва гарагийн өглөө холбоо тасарчээ. Индонезийн цэргийнхний мэдээлж байгаагаар шумбагч хөлөг торпедний харвалтын сургуулилтад оролцох ёстой байсан ч ерөнхий командлалаас байгаа байрлалаас илүү гүн хэсэг рүү буух зөвшөөрөл авсны дараагаар холбоо тасран сураггүй болжээ.

Аврах, эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа нисдэг тэрэг далайн уснаа түлшний толбо бүхий хэсэг үүссэн байгааг дээрээс ажиглан тогтоожээ. Энэ газар нь шумбагч хөлгийн сураггүй алга болохоосоо өмнө байрлаж байсан газартай давхцаж байгаа юм. Аврах, эрэн хайх ажиллагаанд цэргийн хөлөг онгоцнуудыг дайчилж, Индонезийн эрх баригчид Австрали, Сингапур, Энэтхэгийн талаас тусламж хүсчээ.