Улсын Их хурал

Өчигдөр Улсын хурлын ээлжит бус чуулган хаасан бол өнөөдөр намрын ээлжит чуулган нээлээ. 2016 оны Улсын их хурлын сонгуулиар бүрдсэн парламентын бүрэн эрхийн сүүлээсээ хоёр дахь чуулган энэ болж байна. Улсын нэгдсэн төсөв батлахаас эхлээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн багц хууль, авлигын эсрэг бүх нийтийн тэмцэл буюу шүгэл үлээгчдийн тухай хуулийн төсөл хэлэлцэн батлана гэдгийг Их хурлын дарга нээлтийн үгэндээ хэллээ. 

Гурван парламент дамжин яригдсан ч хэлэлцэж чадаагүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ намрын чуулганаар эцэслэх ёстой. Үүнээс гадна Үндсэн хууль хэлэлцэх зуур орхигдсон олон чухал хууль ээлж дарааллан хэлэлцүүлгээ хүлээж байгаа юм. Мөн Засгийн газраас УИХ-д ирэх оны төсвийг өргөн барьснаас гадна хуулийн хугацаандаа багтааж сонгуулийн хуулиа өөрчлөх гээд энэ удаагийн парламент өндөр ачаалалтай ажиллана гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм. Хамгийн гол нь гишүүд хариуцлагатай байж хуулиар засаглан хуралдах ёстойг тэрээр санууллаа.

Улсын нийт төсвийн 30 орчим хувийг эзлэж байгаа засгийн газрын тусгай сангуудыг шалгаж, тусгай сангийн тухай хуулийг хэлэлцэх шаардлага байгааг тэрээр хэллээ. Мөн ирэх сонгуулиас урьтаж иргэдийн сонгох эрхийг тэгш эдлүүлэх, нам улс төрийн хүчинд хуваагдаж талцдаг, иргэний эрх, хууль ёсыг уландаа гишгэдэг байдлыг өөрчлөх ёстойг Их хурлын дарга онцолсон юм. Мөн намрын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх, төр шинжлэх ухаанд суурилсан бодлого шийдвэр гаргадаг болоход анхаарна гэлээ. Энэ үүднээс боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжилтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэн баталж боловсролын тухай, инновацийн тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

Манай улсад өршөөлийн хууль гарснаар их наядаар тоологдох өндөр дүнтэй мөнгөний асуудлууд баячуудад боломж болж байсан. Тус хууль авлигын индексийг улам бүр  хойш татаж манай улс олон улсын санхүүгийн саарал жагсаалтанд орох эрсдэл одоог хүртэл байсаар байгаа. Тиймээс энэ намрын чуулганаар авлига, хээл хахуулын гэмт хэргийг илрүүлэх боломжийг нэмэгдүүлж, авилгыг илчилсэн хүмүүсийг урамшуулан, шүгэл үлээгчдийг хуулиар хамгаалалтанд авах, үй олноор устгах болон терроризмын эсрэг эрх зүйн шинэтгэл хийхээр төлөвлөсөн байна.